Пол Десмонд ба түүний "Одри" Хепберн

Америкийн хөгжимчин, хөгжмийн зохиолч, “Дэйв Брубекийн Дөрвөл”-ийн альт саксофончин Пол Десмонд (Paul Desmond) бол түүхэн дэх хамгийн алдартай жазз хөгжимчдийн нэг юм. 1924 онд Сан Франциско хотод төрсөн тэрээр 12 настайдаа кларнет, коллежийн эхний жилдээ альт саксофон тоглож сурсан бөгөөд Dave Brubeck-ээс гадна Gerry Mulligan, Chet Baker, Jim Hall, Ed Bickert зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ.



Түүний амьдралын түүхийг өгүүлсэн “The Public and Private Lives of Paul Desmond” номд дурссанаар бол тэрээр жүжигчин Одри Хепберний томоохон шүтэн бишрэгч байсан гэнэ. 1954 онд “Дэйв Брубекийн Дөрвөл”-ийн тоглодог байсан нэгэн шөнийн клубийн ойролцоо Одри Хепберний тоглосон “Ondine” жүжиг тайзнаа тавигдаж байсан тул Пол Десмонд Хепбернийг театраас гарч ирэхийг харах гэж хэд хэдэн удаа очиж байж. Брубек энэ тухай “Биднийг Basin Street-д тоголж байх үед Пол байн байн л цагаа хардаг байлаа. Түүнийг [Одрийг] хэзээ хаалгаар гарч ирж, лимузиндээ суудгийг мэддэг учир тэр үед нь харж зогсохыг хүсдэг байж л дээ. Түүнийг цагаа хараад эхэлвэл богино завсарлага авах хэрэгтэй болно. Тэгэхгүй бол уурлахыг нь мэддэг байв. Тэгээд хөгжмөө доош тавиад гарч одно доо. Түүнийг [Одрийг] гарч явж байгааг нь харж зогсохын тулд л гудамж уруудан гүйдэг байсан юм.” гэсэн байдаг. Гэвч Пол, Одри хоёр хэзээ ч уулзалдаж, ярилцаж байсангүй.



Тэр жил Пол, Одригийн нэрээр нэрлэсэн “Audrey” гэх хөгжим зохиож, “Brubeck Time” цомогтоо оруулжээ. Цомог ч амжилт олж, сайн зарагдаж чадсан байдаг. Энэ явдлаас хойш 23 жилийн дараа буюу 1977 онд ганц бие Пол Десмонд 52 насандаа уушгины хорт хавдраар нас барсан бөгөөд тэрээр Одри түүнийг таньдаг, хөгжмийг нь сонсож байсан эсэх талаар юу ч мэдэхгүйгээр тэнгэрт хальсан юм. Хожим Одри Хепберн 1993 онд нас барахад түүний нөхөр Андреа Дотти, Брубек болон түүний Дөрвөлийг Нью-Йорк дахь НҮБ-ийн төв байранд болсон Хепберний хүндэтгэлийн үйл ажиллагаанд “Audrey” дуугаа тоглож өгөхийг хүссэн гэдэг. Брубек түүнд “Чамайг “Audrey”-ийг мэддэг гэж санасангүй” гэхэд Хепберний нөхөр “Эхнэр маань унтахаасаа өмнө орой болгон үүнийг сонсдог байсан. Харин цэцэрлэгт салхилж байвал чихэвчээр сонсдог байсан юм.” гэж хариулжээ.

Брубекийн хэлснээр бол “Пол юу ч мэдээгүй. Тэр Одрид үнэхээр хайртай байсан.” юм.


Comments