Эршүүд чанарын цор ганц хэв маяг оршин байна гэж үгүй - Рэйвин Коннелл
("Социологи: Агуу санааг энгийнээр тайлбарлах нь (DK, 2015)" номын Р.В. Коннеллийн хэсгээс орчууллаа.)
Бид эршүүд чанарыг (masculinity) гол төлөв хувирч өөрчлөгддөггүй, байгалиасаа өгөгдмөл, биологийн шинж байдал мэтээр ойлгосоор иржээ. Гэтэл Р.В. Коннел үүнийг тогтмол зүйл бус, харин олдмол төрх (acquired identity) гэж үзсэн байна. Түүнийхээр бол хаана ч, хэзээ ч ижил тохиолддог эршүүд чанарын цор ганц хэв маяг оршин байна гэж үгүй бөгөөд бид бүхэн “эр хүн байх” гэж чухам ямар утга илэрхийлж буйг судлахдаа зөвхөн нэг эршүүд чанар бус, эршүүд чанаруудын талаар авч үзэх ёстой аж.
Олон соёлт нийгмүүдэд эршүүд чанарыг тодорхойлсон олон янзын тайлбар бий. Сургууль, ажлын байр зэрэг тухайн нэг орчинд тодорхой нэг эршүүд чанарын хэлбэрийг эр хүн байх “хамгийн шилдэг”, үр дүнтэй арга гэж үзнэ. Энэ санаа нь аливаа цаг үе, газар оронд эршүүд чанарын ялгаатай хэлбэрүүд шаталсан системд ордог гэж үздэг Коннелийн ноёрхуу эршүүд чанарын (hegemonic masculinity) тухай ойлголтын тулгуур юм. Эршүүд чанарын идеал гэж ойлгогддог, бусад эршүүд чанарыг үүнтэй жишдэг зонхилогч(dominant) хэлбэр нь ноёрхуу хэлбэр билээ. Энэ нь нийгэм дэх “эрэгтэйлэг байдал”-ын ойлголтыг илтгэх ба эршүүд чанарын энэ хэлбэрт нийцэж чадсан цөөн эрэгтэйчүүд л “хамгийн хүндтэй, хүсүүштэй”-д тооцогддог байна.
Доогуур зэргийн эршүүд чанар (Subordinate masculinity)
Эршүүд чанарын доогуур үзэгдсэн, дутуу үнэлэгдсэн хэлбэрүүд гэж хэм хэмжээнээс гажсан хэлбэрүүдийг хэлэх ба ийм чанарыг харуулсан эрэгтэйчүүд доромжлол, гадуурхал, хязгаарлагдмал боломжтой нүүр тулдаг. Эрэгтэйлэг роль нь илүү “эм хүйсийн” хэлбэрт шилжихийн хэрээр байр суурь, эрх мэдлээ алддаг байна. Ийм маягаар эцгийн эрхт ёсны хэлбэр өрнөдийн нийгэм дэх ноёрхуу идеалтай тохирдог. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү байдаг давуу байдлаа хадгалснаар үр ашиг хүртдэг тул өөрсдөд нь нийгэм, соёл, эдийн засгийн эрх мэдэл олгох эцгийн эрхт ёсонд маш ихээр татагдаж, дэмждэг байна. Эрэгтэй хүний эршүүд чанар ноёрхуу идеалд ойртох тусам тухайн хүн илүү их эрх мэдлийг олж авдаг.
Жендэрийг давтан үйлдэх нь (Practicing gender)
Коннелийн үзэж буйгаар асуудлыг голдуу хүч хэрэглэж шийдэх эрэгтэй хүний хүчирхэг, түрэмгий, сэтгэл хөдлөлгүй гэх патриарх идеалтай нягт холбогддог Европ/Америкийн энэ ноёрхуу хэлбэр нь даяаршлын явцад дэлхий дахинд түгсээр байна. Медиа хатуу чанга бизнес эрхлэгч тэрбумтнууд, эрүүл чийрэг спортын оддыг мандуулах байдлаар ноёрхуу идеалыг гоё мэтээр харагдуулдаг.
Түүнийхээр эмэгтэйчүүд эршүүд чанаруудын шаталсан системийг эсэргүүцэхгүйгээр хүлээн авдаг байна. Тэд ингэж патриарх шашин, романтик хүүрнэлийг идэвхтэй дэмжиж, хүүхэддээ хүлээлгэх жендэрийн хүлээлтээ өөрчлөхгүй хадгалснаар патриарх идеалын эрчим, мөн үүнтэй холбоотой ноёрхуу эршүүд чанарт дэмжлэг үзүүлдэг. Коннел эршүүд чанарыг ноёрхуу байдал, шатлан захирах ёсны хүрээнд тайлбарласнаар эршүүд чанарыг алив өөрчлөлтөд хувирах боломжтойг харуулсан юм. Тэрээр эмэгтэйчүүдтэй эрх тэгш байж чадах эршүүд чанарын хувилбар бий болгох нь эерэг ноёрхуу байдлыг ч бий болгоно гэжээ.
Р.В. Коннел (1944-) нь ноёрхуу эршүүд чанарын тухай үзэл, Maculinities (1993), Southern Theory (2007), Gender and Power (1987) зэрэг бүтээлүүдээрээ танигдсан Австралийн социологич юм. Мөн ядуурал, боловсрол зэрэг асуудлыг судалж, тэтгэвэрт гартлаа Сиднейн их сургуульд ажиллажээ.
Comments
Post a Comment