Хоши Шиничи - Мөрөн дээрх туслах (өгүүллэг)

Хоши Шиничи - Мөрөн дээрх туслах (өгүүллэг)

Заме автомат ажиллагаатай дугуйт тэшүүртэйгээ хуванцар хучилттай замаар гудамж уруудан явлаа. Бугуйн цагаа харахад цаг 4.30-ийг зааж байсан тул ажил руугаа очихоос өмнө дахиад нэг газраар орж амжих л юм гэж бодоод хурдаа хасан нэг байшингийн урд зогсов.

 Тэрээр борлуулагчаар ажилладаг. Зүүн гартаа дүүрэн бараатай том цүнх барин, баруун мөрөндөө гоёмсог далавчтай тоть суулган явах аж. Өнөө үед хүн болгоны л мөрөн дээр ийм тоть харагдах болжээ.

Хонхыг нь дараад хэсэг хүлээхэд хаалга нээгдэн гэрийн эзэгтэй гарч ирлээ. 

Заме “Сайн уу?” гэж хэлэв үү үгүй юу мөрөн дээр нь суусан тоть “Завгүй байхад тань саад болсонд уучилж үзээрэй, хатагтай” гэх нь тэр.

Энэ тоть бол электрон тархитай, дуу хураагуур, чанга яригчаар тоноглогдсон, эзнийхээ бувтнаж хэлсэн үгийг ярьж буй хүнд нь дэлгэрүүлж, тайлбарлаж өгдөг робот юм. 

Хэсэг харзнасны дараа эмэгтэйн мөрөн дээрх тоть “Ирсэнд тань ёстой их баярлалаа. Гэхдээ уучлаарай намайг. Би жаахан мартамхай болохоор таны нэрийг сайн санадаггүй ээ…” хэмээн хариулав.

Ингэхэд нь Замегийн тоть эзнийхээ чихэнд ойртоод хэлсэн нь: “Хэн болохыг чинь асууж байна.”

Ийм тотинууд мөн ярьж буй хүнийх нь хэлсэн үгийг эзэндээ товчлон дамжуулж өгдөг юм. 

Заме “Би Нью Электро компаниас явж байна. Энэ электрон аалзыг аваач.” хэмээн бувтнахад тоть үргэлжлүүлэн эелдэг дуугаар “Би Нью Электро компанийн худалдааны төлөөлөгч юм аа. Хэрвээ та манай компанийн талаар сонсож байсан бол бид бүхэн олон жилийн түүх, найдвартай үйлчилгээтэй гэдгээрээ бахархаж ажилладгийг мэдэх байх. Би танд манай судалгааны багийн олон жилийн туршилтаар баталгаажсан шинэхэн бүтээгдэхүүнийг танилцуулах гэсэн юм. Энэ гайхалтай бүтээгдэхүүн бол бидний бүтээсэн электрон аалз юм…”

Энэ үед Заме барьж явсан цүнхээ уудлан, дотроос нь алтан шаргал өнгөтэй, жижигхэн метал аалз гаргаж ирэв. Тоть харин яриагаа үргэлжлүүлсээр: “Энийг хар даа. Жишээ нь таны нуруу загатналаа гэж бодоход та энийг хувцсан дотуураа шургуулахад л хангалттай. Тэгэнгүүт энэ аалз загатнасан газрыг өөрөө олоод жижиг хөлнүүдээрээ маш сайн маажаад өгнө. Танайх шиг ийм хээнцэр айлд ийм бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй гэж бодсон учраас л онцгойлон энэ төхөөрөмжийг авчирсан юм шүү дээ.”

Замегийн тоть ярьж дуусахад гэрийн эзэгтэйн мөрөн дээрх тоть эзэндээ ойртон Замед сонсогдохооргүй зөөлөн дуугаар “Энэ автомат нуруу маажигчийг аваач гэнээ” гэж шивнэв. 

Өнөөх эзэгтэй хариуд нь “хүсэхгүй байна” гэж амандаа бувтнахад тоть эзнийхээ өмнөөс хэлсэн нь: “Ямар гоё юм бэ! Танай компани шинэ бүтээгдэхүүнийг ар араас нь л гаргаж байна шүү. Даанч ийм гоё төхөөрөмжөөр гэрээ тохижуулах боломж алга байна.” 

Тэгэхэд нь Замегийн тоть “Хүсэхгүй байна гэнэ” гэж эзэндээ дамжууллаа.

Заме “За боль доо” гэж бувтнахад тоть нь улам найрсаг дуугаар ярьсан нь: “Гэхдээ энэ ямар хэрэгцээтэй бүтээгдэхүүн болохыг та харж байгаа биз дээ, хатагтай. Таны гар хүрэхгүй газарт маажиж, бусад хүн мэдээ ч үгүй байхад л ажлаа хийж байна гээд бод доо. Ажил яаж хөнгөвчлөхийг нь дурдаад ч хэрэггүй биз. Зүгээр ч үгүй бас манай байгууллага байж болох хамгийн бага үнийг санал болгож байгаа шүү.” 

“Аваач дээ гэнэ ээ”

“Хэцүү юм бэ”

Ингэж эзэнтэйгээ ярилцсаны дараа өнөөх тоть нь “Үнэндээ би нөхөртэйгөө зөвлөлдөхгүйгээр шинэ юм худалдаж авдаггүй юм аа. Гэтэл манай нөхөр ажлаасаа хараахан ирээгүй байдаг. Өнөө орой нөхөртэйгөө ярилцчих болохоор та дараа энэ хавиар явахдаа нэг ороод ирээрэй. Би уг нь авмаар л байна, даанч чадахгүй нь. Үнэхээр уучлаарай” гэж хариу хэлэв.

Энэ яриаг нь Замегийн тоть эзэндээ хураангуйлан өгүүлсэн нь: “Арилж үз гэнэ ээ.” 

Заме ч бууж өгч, электрон аалзаа цүнхэндээ буцаан хийхдээ “Баяртай, хонгор минь” гэж бувтналаа. 

Харин мөрөн дээрх тоть нь явах болсноо маш эелдэгээр мэдэгдсэн нь: “Үнэхээр тоогүй хэрэг байна. Дараа таныг дургүйцэхгүй бол дахин ирье дээ. Таны эрхэм цагаас хумсалсанд уучлаарай, хатагтай. Нөхөртөө мэндийг минь дамжуулаарай.”

Ингээд Заме гадагшаа гарч, тотио мөрөндөө суулгасан хэвээр дугуйт тэшүүрээ хурдлуулан ажил руугаа буцлаа.

Ажил дээрээ очсон хойноо өдрийн тооцоогоо гарган ширээндээ сууж байтал хэлтсийн даргийх нь мөрөн дээр суусан тоть “Хөөе Заме” гэх нь тэр.

Заме “Дахиад л үглэх нь” гэж амандаа шивнэхэд тоть нь даргад нь хандан хэлсэн нь: “За очлоо, гялс энийгээ дуусгаадахъя.”

Удалгүй Заме даргынхаа ширээний урд зогсож байв. Даргынх нь баагиулах тамхины гүн утаан дундаас түүний тоть “Чи сонс доо, Заме. Манай компанийн хувьд үсрэлт хийх, шинэ түвшинд гарах чухал үе ирээд байхад чи ийм үр дүнтэй ажиллаж байх ч гэж дээ. Бүр ийм муу шүү. Ярьж байгаа зүйлийг минь ойлгоод цаашид улам хичээн ажиллах хэрэгтэй байна.” хэмээн захирангүй өгүүлэв.

Замегийн тоть эзнийхээ чихэнд “Илүү ихийг зар гэж байна” гэж шивнэлээ.

Заме “Тийм амархан гэж бодоо юу” гэж бувтнахад тоть нь хүлцэнгүй дуугаар хариулсан нь “Маш сайн ойлголоо, дарга аа. Одоо борлуулалтаа жинхэнэ өсгөөд өгнө. Гэхдээ өрсөлдөгч компаниуд янз бүрийн өөр арга техник ашиглаж байна. Борлуулалт өмнөх шигээ тийм амархан байхаа больж. Би ч мэдээж улам хичээнэ л дээ, гэхдээ дарга аа та “Судалгаа хөгжүүлэлтийн газар”-т шинэ бүтээгдэхүүнүүд хөгжүүл гэж хэлээд өгвөл сайн байна.”

Хонх дугарч Нью Электро дахь ажил дууслаа. Ингэж нэг юм! Өдөржингөө тэгж явах ямар хэцүү гээч. Одоо харин нэг юм олж уух хэрэгтэй.

Заме замаараа ороод гардаг Галакси гэх уушийн газрын хаалгыг нээв. Түүнийг харсан эзэн эмэгтэйн тоть сайхан хоолойгоор дуудсан нь: “Өө Заме та юу! Алив ороод ир. Таныг хараагүй удсан байна шүү. Тан шиг сайхан залуу ирэхгүй болохоор энэ газар ямар уйтгартай гээч...”

Энэ бол Замегийн хувьд өдрийн хамгийн тааламжтай үе билээ.


Шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудаараа алдартай, Японы зохиолч Хоши Шиничи (1926-1997) гурав, дөрвөн хуудаснаас хэтрэхгүй урттай 1000 гаруй богино өгүүллэг бичжээ. Тэрээр “Роман бичдэг хүмүүс шиг хуудсынхаа тоогоор цалинжих нь над шиг зохиолчдод шударга бус байна” хэмээн дургүйцдэг байж. “Мөрөн дээрх туслах” гэх энэ өгүүллэгийг Жей Рубины англи орчуулгаас хөрвүүллээ. 

(Анх удаа уран зохиолын орчуулга хийж үзлээ. Хэцүү байлаа. Сайжрах биз ээ.)


Comments