Боб Дилан - Нобелийн шагнал гардан авахдаа хэлсэн үг (Эхний хэсэг)
Америкийн нэрт дуучин, дуу зохиогч Боб Дилан 2016 оны утга зохиолын Нобелийн шагнал гардан авахдаа хэлсэн үгийг орчуулан хүргэж байна.
Утга зохиолын Нобелийн шагналыг гардаж авахдаа миний дуунууд утга зохиолтой яг яаж холбогдчихов хэмээн гайхаж байв. Холбоо хэлхээ нь яг хаанаа байгааг олж, энэ талаар эргэцүүлж үзэхийг хүссэн юм. Одоо харин та бүхэнд тэр бүхнийг тайлбарлах гэж оролдъё. Бага зэрэг тойруу яриа өрнөж магадгүй ч сонсоход үр өгөөжтэй байна гэж найдна.
Бүх зүйл эхэлсэн тэр цэгт буцаж очъё гэвэл Бадди Холлигоос яриагаа эхлэх хэрэгтэй байх. Бадди 22-тойдоо нас барахад би 18 орчим настай байлаа. Түүнийг анх сонссон тэр мөчөөс эхлээд л надад бид хоёр хоорондоо холбоотой юм шиг мэдрэмж төрж байв. Тэр яг миний төрсөн ах юм шиг л тийм мэдрэмж. Өөрийгөө түүнтэй нилээн төстэй юм ч гэж бодов. Бадди миний хайрлаж, сонсож өссөн кантри вестерн, рок-н-ролл, ритм блюз хөгжмийг тоглодог байсан юм. Түүний хооронд нь холбож, нэг жанрт зангидсан гурван ялгаатай хөгжим. Нэг брэнд. Бадди мөн дуу бичсэн. Сайхан аялгуу, яруу шүлэг бүхий тийм дуунууд. Түүнийгээ гоё ч дуулна. Нэг ч биш бүр олон өөр өнгөөр дуулна. Би түүн шиг л байхыг хүсэж, үлгэр дуурайлаа болгодог байлаа. Түүнийг тэнгэрт халихаас нь хэдхэн хоногийн өмнө ганц удаа л харсан. Тоглолтыг нь үзэх гэж зуугаад миль явсан минь үр дүнгээ өгч билээ.
Тэр хүчирхэг, эрчтэй, тайзыг бүрэн эзэгнэсэн байдалтай. Би түүнээс зургаахан футын зайд. Нүд булаам байсан. Би түүний царайг, гарыг нь, хөлөө яаж товшиж байгааг, том хар нүдний шилийг нь, шилний цаадах хоёр нүдийг, гитараа барьж байгааг нь, хэрхэн зогсож буйг, мөн сайхан хослолыг нь гээд бүхий л зүйлийг нь харж зогссон. Тэр наснаасаа овортой харагдаж байлаа. Тэр үед би түүнээс итгэл үнэмшил олж авч, хувиршгүй мэт нэг зүйлийг анзаарч харсан. Тэгэхэд нэг хачин зүйл тохиолдож, тэр яг миний нүд рүү эгцлэн харж, нүдээрээ нэг зүйл дамжуулсан юм. Юу гэдгийг нь хэлж мэдэхгүй нэг тийм зүйл. Би бүр алмайрч хоцров.
Түүнийг онгоцны осолд орсноос хойш 1 юм уу 2 хоногийн л дараа байсан байх. Тэр үед нэг танихгүй хүн Лэйдбэллийн “Cottonfields” дуутай пянзыг надад өгсөн юм. Тэр пянз миний амьдралыг тэр чигт нь өөрчилж, намайг цоо шинэ ертөнцөд аваачсан. Тэрхэн хугацаанд бүх зүйл өөрчлөгдсөн мэт л. Түнэр харанхуйн дунд алхаж явахад гэнэтхэн л гэрэл гийх шиг. Хэн нэгэн надад хүрэх шиг л. Тэр пянзыг би бараг 100 удаа тоглуулсан байх.
Дотроо лэйбл дээр нь бичигдсэн уран бүтээлчид болох Sonny Terry & Brownie McGhee, New Lost City Ramblers, Jean Ritchie болон бусад чавхдаст хөгжмийн хамтлагуудын танилцуулга бүхий товхимолтой, өмнө нь сонсож ч байгаагүй пянз байж билээ. Тэдний алийг нь ч би өмнө нь сонсож байгаагүй. Гэхдээ тэд Лэйдбэллитэй хамт нэг лэйблд бичигдсэн байгаа бол сайн л байж таараа, сонсож үзэх хэрэгтэй юм байна гэж бодсон хэрэг. Энэ хөгжмийн талаар бүх зүйлийг мэдэхийг, энэ төрлөөр тоглохыг хүсэж байлаа. Сонсож өссөн хөгжимдөө хайртай хэвээр байсан ч яг одоо бол бүгдийг мартаж орхиж. Үүний талаар бодохоо ч байж. Тэр бүхэн одоо ард хоцорч дээ.
Тусдаа гарахаа тэсч ядан хүлээж байсан тэр үе л дээ. Энэ хөгжмийг тоглодог хүмүүстэй уулзахыг бас тоглож сурахыг хүсч байсан юм. Эцэст нь гэрээсээ явж, хэдэн дуу ч тоглож сурлаа. Урьд нь байнга сонсдог байсан радиогийн дуунуудаас ондоо. Илүү амьд, амьдралд ойр. Радиогийн дуу дуулж байгаа хүн янз бүрээр үзэж тарж, аз сорин байж үзүүлбэрээ амжилтад хүргэх бол фолк ертөнцөд ингэх ямар ч хэрэггүй. Тэнд бүх зүйл нь гайхалтай. Ур чадвар дээрээ нэмээд ая эгшиглүүлчихдэг байхад л хангалттай. Зарим дуу нь амархан, зарим нь хэцүү. Би хуучны баллад, кантри блюз хөгжимд төрөлхийн эв дүйтэй, харин бусдыг нь бүр эхнээс нь суралцах хэрэгтэй болсон юм. Анхандаа гудамж талбай эсвэл жижиг хэмжээтэй өрөөнд дөрөв, таваас хэтрэхгүй цөөн хүний өмнө л тоглодог байлаа. Урын сандаа олон дуутай, бас хэзээ, юу тоглохоо мэддэг байх хэрэгтэй байв. Зарим дуу чинь аяндаа олны чихэнд хүрч байхад заримыг нь сонсгохын тулд улам чанга дуулах хэрэг гарна.
Эхэн үеийн фолк уран бүтээлчдийг сонсож, дууг нь өөрөө дуулж байж тэдний өвөрмөц хэллэгийг бүрэн ойлгох боломжтой. Тэгж байж өөрийн болгоно. Тэгээд сурсан үг хэллэгээрээ рэгтайм блюз, ажил хөдөлмөрийн дуу (work song), Жоржиа тэнгисийн шанти (Georgia sea shanty), Аппалачийн баллад, ковбой дуу дуулна. Сайтар анхааран сонсож байж нарийн ширийнийг нь сурна.
Юун тухай ярьж буйг минь ойлгож байгаа байх. Буугаа сугалж, буцаан хуйнд нь хийж. Хурдлан давхиж, харанхуйд хөөрөлдөөд. Муу залуу Стагер Ли, сайн охин Фрэнки, хөрөнгөтний хот Вашингтон, баргил хоолойт Илчлэгч Жон, балчиг горхинд живсэн Титаник гээд л. Бидний нөхөд болох хэрмэл Ирланд эр, дүрсгүй колонийн хөвүүн. Лимбэний зөөлөн аялгуу, бөмбөрийн намуухан эгшиг, эхнэрийнхээ зүрхэнд хутга зоох Лорд Доналд, цагаан даавуу нөмрөн суух бидний олон нөхөд. (Энэ хэсэгт Боб Дилан Stagger Lee, John the Revelator, The Wild Rover, The Wild Colonial Boy, Matty Groves, Streets of Laredo зэрэг дууны талаар дурдсан байна. Орч)
Энэ бүх өвөрмөц хэллэгийг сурч яаж хэрэглэхээ ч ойлголоо. Бүгдийг нь өөрийн болгож, ямар замаар хөгжиж ирснийг нь ч мэдэж авлаа. Хуучны үг хэллэгийг орчин үетэй нь хослуулан хэрэглэдэг болов. Ингээд өөрөө дуу зохиож эхлэхэд миний үгийн сан тэр чигтээ фолк хэллэгээр л дүүрсэн байсан юм.
Үүнээс гадна өөр зүйл бас надад байлаа. Тэр бол зарчим, мэдрэмж, ертөнцийг үзэх тогтсон үзэл. Энэ бүгдийг латин хэлний сургуульд (grammar school) л сурсан. Амьдральд хандах хандлага, хүний мөн чанарын тухай ойлголт, өөрийн гэсэн үзэл бодлыг Дон Кихот, Айвенхоу, Робинзон Крузо, Гулливерын аялал, Хоёр хотын үлгэр гээд сургууль болгонд л уншуулдаг тэдгээр номоос олж авсан. Дууны үгээ зохиож эхлэхдээ энэ бүхнийг өөрийн болгосон байв. Уншсан номын минь сэдвүүд санаатай болон санамсаргүйгээр олон ч дуунуудад минь нөлөөлсөн. Би урьд хэн ч сонсож байгаагүй тийм дуунууд зохиохыг хүсэж, харин эдгээр номууд надад тусалж байлаа.
Сургуульд уншсанаас хойш одоог хуртэл санаанаас гардаггүй ном гэвэл “Моби Дик”, “Өрнөд фронтын байдал онцын өөрчлөлтгүй”, “Одиссей” гурав юм.
Үргэлжлэл бий.
Comments
Post a Comment