Артюр Рембо: Ир л дээ, хүрээд ирээч дээ.


“...Бүхий л харилцаа таагүй өрнөж

Эцэс сүүлд нь гунигаар төгслөө

Хэрэг явдал минь Вэрлэн, Рембогийнх шиг ч Хэрхэн тэднийхтэй харьцуулж болох вэ...”


Энэ бол Боб Диланы хамгийн агуу цомгуудын нэг “Blood on the Tracks” (1975) цомгийн “You're Gonna Make Me Lonesome When You Go” дууны нэг хэсэг. Энд мань эр өөрийн хайр сэтгэлийн явдлыг XIX зууны хоёрдугаар хагаст Францын уран зохиолын ертөнцөд тодрон гарч ирсэн, гайхалтай авьяастай яруу найрагч Артюр Рембо болон түүний амраг, яруу найрагч Поль Вэрлэн нарын ээдрээт харилцаатай адилтгасан байгааг харж болно. 10 насны зөрүүтэй ижил хүйстэн хосын хайрын түүх удаан үргэлжлээгүй ч хожмоо кино, мюзикл, дуу, шүлэг зэрэг олон урлагийн бүтээлд мөнхөрсний нэгээхэн жишээ нь энэ юм. 

Вэрлэн 16 настай, хөдөө тосгоны залуу яруу найрагчийг Франц дахь гэртээ урьж, яруу найргийн хүрээнийхэнд танилцуулснаар тэдний хайрын түүх эхэлдэг. Анх уулзалдсанаасаа хойш жилийн дараа Вэрлэн, эхнэр хүүхдээ орхин Рембогийн хамт Лондонд амьдрахаар явсан ч харилцаа нь улам хүйтэрсний улмаас төд удалгүй түүнийг орхин Парис руугаа буцсан байдаг. Гэвч хэдхэн хоногийн дараа Рембог Парист дуудан уулзаж, хүндхэн маргааны улмаас түүнийг буудан шархдуулж, үүнийхээ төлөө 2 жил шоронд суужээ. Вэрлэнийг шоронгоос суллагдасны дараахан 2 яруу найрагч сүүлчийн удаа уулзалдсан бөгөөд дөнгөж 20 настай байсан Францын сод яруу найрагч, символик яруу найргийн оргил Артюр Рембо тэр үеэс хойш дахин нэг ч шүлэг бичээгүй гэдэг. 


Зүүн талаас Поль Вэрлэн, Артюр Рембо

Энэ постоороо 1873 оны 7 сард 2 яруу найрагчийн бие биедээ бичсэн захидлуудыг англи хэлнээс орчуулан хүргэж байна. Анхны орчуулга учир олон алдаа байгааг үгүйсгэхгүй. За уншицгаая!

ВЭРЛЭН РЕМБОД БИЧСЭН ЗАХИА 

Далайд [1873.7.3]

Найз минь,

Энэ захиа очих үед чамайг Лондонд байх эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч, надад ямар ч утгагүй санагдах болсон, чиний уран сэтгэмжээс өөр ямар ч бодит шалтгаан үгүй энэ хөгийн амьдралыг бүр мөсөн орхих болсныг минь сайтар ойлгоосой хэмээн үүнийг бичиж байна. 

Хэрэв би 3 хоногийн дараа гэхэд эхнэртэйгээ уулзаж чадахгүй л бол тархиа хага буудах болно. Тиймээс чамайг ямар их хайрлаж байсан шигээ тийм ихээр шийдвэрийг минь ойлгоосой гэж хүсэж байна. Буудалд гурав хонох, бас rivolvita (гар буу. Орч) худалдаж авахад их зардал гаргалаа. Үдээс хойш үүнээс болж л мөнгөндөө харам хандсан юм. Уучилж үзээрэй.

Үнэхээр энэ хөгийн зүйлийг хийхээс өөр аргагүйд хүрвэл ядаж л зүрх зоригтойгоор дуусгах болно. Харин үхэхээсээ өмнөх эцсийн мөчид чиний талаар, өнөө өглөө намайг элдвээр хэлсэн чиний талаар л дурсах болно. Үхэх ёстой учраас л өглөө чамтай маргахыг хүсээгүй юм. Эцэст нь ингэж нэг юм!

Амьсгал хурааж байхдаа өөрийг чинь үнсээсэй гэж хүсэхгүй байна уу?

Гунигт найз П.Вэрлэн чинь


Юутай ч бид цаашид дахиж уулзахгүй. Эхнэр маань ирвэл чам руу өөрийн хаягаа явуулна аа. Над руу юм бичнэ гэж найдъя. Тэр хүртэлх илүү ч үгүй, дутуу ч үгүй яг гурав хоногт Брюсселийн Төв шуудан руу миний нэр дээр явуулж болно шүү. Бас Баррерад гурван номыг нь буцааж өгөөрэй.

РЕМБО ВЭРЛЭНД БИЧСЭН ЗАХИА

Лондон 

Баасан гарагийн их үд

[1873.7.4]

Ир л дээ, хүрээд ирээч дээ. Цор ганц, хүндэт нөхөр минь, буцаад ир. Илүү сайн байхаа андгайлж байна. Хэтийдсэн тоглоомноосоо болж чамд дэндүү ааш гаргасандаа юу юунаас илүү уучлалт гуйя. Хүрээд ир, хамтдаа бүхнийг мартъя л даа. Хошигнолыг минь ийм хүндээр тусгаж авна гэж санасангүй. 2 хоногийн турш цурам ч хийлгүй уйллаа. Буцаад ир л дээ. Зоригтой бай, найз минь. Юу ч дуусаагүй байна. Дахин нэг шинэ аялал эхлүүлэхэд л болно. Тэгээд хамтдаа энд илүү тэвчээр, зориг зүрхтэйгээр амьдаръя. Эхх үнэхээр чиний тусын тулд л хэлж байгаа юм шүү. Эрж байгаа бүхнээ чи эндээс олж чадна, хүрээд ир. Тэр гайтай мөчийг дээ! Бидний тэр маргаан тийм ч сүртэй зүйл биш байсныг ойлгоно гэж найдъя. Чамайг завинаасаа буугаад ир гэж даллахад яагаад бууж ирээгүй юм бэ? Хоёр жил хамт амьдарсны эцэст ийм зүйл болох байсан юм уу! Одоо чи яах гэж байна? Хэрэв буцаж ирэхгүй бол байгаа газар чинь би очих уу? 


Тийм ээ, бүгд миний буруу.

Гэхдээ чи намайг мартахгүй, тийм биз?

Үгүй ээ, мартах учиргүй.

Миний сэтгэлд үргэлж чи байсан.

Хэлээч дээ, хариулаач дээ наддаа, хоёул дахин цуг амьдрахгүй гэж үү?

Зоригтой бай. Шуудхан хариуг минь явуул.

Энд удаан байж чадахгүй нь.

Зөвхөн зүрх сэтгэлээ л сонсоорой.

Аливээ, чам руу очих үгүйг минь хэлээч дээ.

Бүхий л амьдралаа чамд л зориулах болно.

Рембо


Шуудхан хариу бичээрэй. Нэгдэх өдрийн орой хүртэл л энд байна шүү. Сохор зоос ч үлдсэнгүй, захиагаа явуулж ч чадахгүй нь. Ном болон гар бичмэлийг чинь Вермешт үлдээчихсэн. 

Чамтай уулзаж чадахгүй бол флот эсвэл армид элсэнэ ээ. 

Буцаад ирээч дээ, би уйлсаар л байна. Хүрээд ир гээд л хэлчих, би яваад очъё. Надад хэлээрэй, телеграмм явуулчих. Нэгдэхийн орой зайлшгүй хөдлөх болох нь. Чи хаашаа явж байгаа юм бэ? Юу хийх гэж байгаа юм?


РЕМБО ВЭРЛЭНД БИЧСЭН ЗАХИА

Лондон

1873.07.05

“Далайд” гэж гарчигласан захиаг чинь хүлээж авлаа. Энэ удаад бол чи үнэхээр буруу бодож байна. Юун түрүүнд, чиний захианд ямар ч бүтэлтэй юм алга гэдгийг хэлье. Эхнэр чинь 3 хоногт ирнэ гэж байхгүй, хэн мэдлээ 3 сар эсвэл 3 жилийн дараа л ирэх биз. Амиа егүүтгэх тухайд бол чамайг би мэднэ ээ. Эхнэрээ болоод үхлээ хүлээхдээ чи шаналан зовж, хэрэн тэнүүчилж, бусдад садаа болно. Тэнгэр минь! Бидний тэр бүх уур бухимдал хэний маань ч чин сэтгэлээс гараагүй гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Надтай биш өөр хүмүүстэй байснаар чиний амьдрал илүү сайхан байна гэж бодоод байгаа юм уу? Дахиад бодоод үз дээ! Мэдээж үгүй шдээ. Чи зөвхөн миний хажууд л өөрийнхөөрөө байж чадна.

Ирээдүйд сайн байхаа амлаад, үл ойлголцолд буруутайдаа уучлалт гуйгаад, чамд тийм их хайртайгаа, оюун санаагаа цэгцэлж чадсанаа хэлээд байхад л буцаж ирэхгүй, намайг очихыг ч зөвшөөрөхгүй байгаа чинь үнэхээр гэмт үйлдэл шүү. Хожим бүхий л эрх чөлөөгөө алдаж, өмнө нь ч нүүр тулж байгаагүй хүндхэн асуудлуудтай тулгараад ирэхээрээ гаргасан шийдвэртээ олон жил харамсах болно доо. Үүний дараа, чи надтай уулзахаасаа өмнө хэн байснаа санаарай. 

Ямартай ч би ээжийнх рүү буцаж очихгүй. Парис явна. Нэгдэхийн орой гэхэд эндээс хөдлөх бодолтой байна. Чиний хувцасыг зарахаас өөр арга алгадаа, чи ч зар гэх биз. Одоохондоо зараагүй байгаа, нэгдэхийн өглөө хүртэл ирж авахгүй нь. Намайг Парист байхад захидал явуулахыг хүсвэл А.Рембод гэж хаяглаад Жак гудамжны 289 тоотод Л.Форейн руу явуулаарай. Тэр миний хаа байгааг мэдэх болно. 

Хэрэв эхнэр чинь очвол дахиж чам руу захиа бичиж тамлахгүй гэдгээ амлъя. Дахиж хэзээ ч бичихгүй. 

Чин сэтгэлээсээ хэлэхэд: буцаад ирээч дээ. Би чамд хайртай, чамтай байхыг хүсэж байна. Үүнийг сонсоод зүрх зориг, чин сэтгэлээ харуулаач. 

Үгүй гэвэл өөр юу ч гэхэв дээ. 

Гэсэн ч би чамд хайртай. Хоёул дахиад уулзах болно оо.

Рембо

РЕМБО ВЭРЛЭНД БИЧСЭН ЗАХИА 

[Лондон,

1873.07.07]

Даваа гарагийн үд дунд

Найз минь,

Хатагтай Смит рүү явуулсан захиаг чинь харлаа. Харамсалтай нь хэтэрхий оройтжээ. Лондонд хүрээд ир! Эндхийн хүмүүс чамайг ямар таатай хүлээж авна гээч! Андриу болон бусад хүмүүс намайг дахиад чамтай байхыг хараад ямар царай гарах бол оо! Юу ч боллоо гэсэн би маш зоригтой байх болно. Юу бодож байгаагаа надад шулуухан хэлээрэй. Надтай уулзахаар Лондонд буцаж ирмээр байна уу? Хэзээ ирэх үү? Би чамайг ятгаж барав уу? Энэ өрөөнд юу ч үлдсэнгүй дээ. 2 фунт 10 шиллингээр нэг пальтоноос бусдыг бүгдийг нь зарчихсан. Гэхдээ угаахаар тавьсан зүйлс тэндээ л байгаа. Өөртөө бас зөндөө зүйлс үлдээсээн. 5 хантааз, бүх цамцнуудаа, оймс, өмд, бээлий, гуталнууд гээд. Бас чиний бүх ном, манусс чинь аюулгүй газар байгаа. Ер нь бол зарсан зүйл гэвэл чиний өмднүүд, хар, саарал пальто, хантааз, тэгээд бас чемодан болон малгайны хайрцаг. 

Гэхдээ чи яагаад надад захиа бичихгүй байгаа юм бэ?

Сонс доо, хонгор минь, би дахиад 7 хоног энд байх нь. Чи ирэхгүй юм уу? Үнэнээ хэл л дээ. Тэгж чин зоригоо харуулаач. Ирнэ гэж найдъя. Би харин элдвээр аашлахгүй ээ, найдаж болно шүү. 

Чи л мэд дээ. Хүлээж байя.

Ремб.

    

        1873 оны 7 сарын 8-нд Вэрлэн Рембод цахилгаан шуудан явуулж Парис руу дуудсан байна. Тэд 7 сарын 10-ны өдөр уулзалдаж, энэ уулзалтын үеэр Вэрлэн Рембог буудан шархдуулснаар шоронд хоригдсон юм. 

        Хэрэв тэдний талаар бүр ихийг мэдье гэвэл Леонардо Ди Каприогийн гол дүрд (Рембогийн дүрд) нь тоголсон "Total Eclipse" гэх киног үзэж болно. Мөн зохиолч Г.Аюурзаны эмхэтгэн орчуулсан "Дэлхийн сонгомол яруу найраг" номоос Артур Рембогийн шүлгүүдийг уншиж сонирхоорой.

    

        Захидлыг Arthur Rimbaud - Complete Works (tr. Paul Schmidt) номоос авч орчууллаа. 

 


Comments